Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.БОЛД: АСУУДЛЫГ БОДИТОЙГООР ХАРЖ ЧАДВАЛ МАНАЙ ХАМТ ОЛОН ХЭРЭГЛЭГЧДЭЭ БОДОН “БААТАРЛАГ” АЖИЛЛАЖ БАЙГАА

С.БОЛД: АСУУДЛЫГ БОДИТОЙГООР ХАРЖ ЧАДВАЛ МАНАЙ ХАМТ ОЛОН ХЭРЭГЛЭГЧДЭЭ БОДОН “БААТАРЛАГ” АЖИЛЛАЖ БАЙГАА

Цахилгаан эрчим хүчний тасралт, “Эрчим хүч-2” төслийн гүйцэтгэлтэй холбогдуулан Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн харьяа Хэнтий Цахилгаан түгээх сүлжээ Салбарын дарга С.Болдоос дараах хэдэн асуултанд хариулт авлаа.

- Эрчим хүчний таслалт сүүлийн үед ид шүдний өвчин болж байна. Шалтгаан нөхцөл нь юу вэ?

Эрчим хүчний тоног төхөөрөмжийн насжилтаас шалтгаалж байна. 1980-аад оны модон тулгууртай шонгууд анх суурилагдсанаас хойш солиогүйтэй холбоотой. Дэлхийн банкны санхүүжилтээр эрчим хүчний шинэчлэлийн төсөл анх 2013 оноос яригдаж эхэлсэн. Тэр үеэс дээрх төсөлтэй холбоотойгоор засвар үйлчилгээний нэлээдгүй ажлууд хойшлогдсон. Манайд өдийг хүртэл томоохон их засварын ажил хийгдээгүй байсан. Хоёрдугаарт, Эрчим хүчний систем өөрөө хүнд байдалд байгаа. Чадлын дутагдалд орсон ийм нөхцөл байдалд томоохон гэмтэл гарахад тухайн аймгийг хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр эрчим хүчний хязгаарлалт хийдэг. Үүнээс хамаарч таслалтууд гарч байна.

- Дулааны улирлын таслалт, хэрэглэгчдийг бухимдуулсан асуудлыг хаанаас эхлэж ярих вэ?

Юун түрүүнд хэрэглэгчдээсээ уучлал хүсье. Гэхдээ өнөөдрийг хүртэл “Эрчим хүч-2” төслийг тендерээр сонгон шалгарсан компани нь гүйцэтгэж ирэхэд манай компани Захиалагчийн хяналт тавих үүрэгтэй ажилласан. Улмаар халаалтын улирал эхэлхэд бүх ажилчдаа дайчилж тус компанийн гүйцэтгэх ёстой ажлыг шуурхайлах зорилгоор хавсран гүйцэтгэсэн. Ингэж ажиллахад зөвхөн манайх тогийг нь таслаад байгаа мэтээр хэрэглэгчид маань ташаа ойлгож, ажил гүйцэтгэж яваа монтёруудтай таарамжгүй харьцсанд эмзэглэж байсан.

- Хэнтий цахилгаан түгээх сүлжээ салбар тэгэхээр үнэ төлбөргүй, хүн хүчээ дайчилж ажилласан гэсэн үг үү?

Тийм ээ. Өөрөөр хэлбэл Дэлхийн банкны эрчим хүч-2 төслийн хүрээнд “Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвийн цахилгаан хангамжийг шинэчлэх сайжруулах ажил”-ыг гүйцэтгэж буй “Энерготех сервис” ХХК-ийн ажлыг шуурхай, чанартай, цаг хугацаанд нь гүйцэтгэх зорилгоор Хэнтий Цахилгаан түгээх сүлжээ салбарын хамт олон хавсран ажиллаж байгаа. Бухимдлаасаа илүү асуудлыг бодитойгоор харж чадвал манай хамт олон хэрэглэгчдээ бодон “баатарлаг” ажиллаж байгаа. Энэ дашрамд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж буй хамт олондоо талархсанаа илэрхийлье.

-Эрчим хүч-2 төслийн талаар тодруулъя? Төсөл хэрэгжиснээр ямар үр дүнд хүрэх вэ?

Олон жил яригдсан Дэлхийн банкны Эрчим хүчний төсөл 2020 оноос эхлээд Багануур, зүүн өмнөд бүсэд хэрэгжиж эхэлсэн. Дорноговь, Говьсүмбэр, Багануур, Дундговь аймгуудад хэрэгжээд хамгийн сүүлд Хэнтий аймагт 2021 онд сонгон шалгаруулалт зарлагдсан. Гэхдээ Ковид-19 цар тахлын цагийн байдал, үнийн өсөлтөөс шалтгаалаад хоёр удаа буцсан. Дахин сонгон шалгаруулалт зарлагдан “Энерготех сервис” ХХК шалгарч 2022 оны тавдугаар сараас эхлэн угсралтын ажлыг гүйцэтгээд явж байна.

Угсралтын ажилтай холбогдуулан тухайн газарт шугамын зайлшгүй таслалт хийж шинэчлэл хийнэ. Гүйцэтгэгч компани 7 авто машин, техниктэйгээр 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа гүйцэтгэж байгаа. Ажил удааширч хүйтний эрч чангарсантай холбоотойгоор манай Хэнтий ЦТС салбарын 8 ИТА 35 ажилчдын бригад нэмэлтээр орж томоохон буюу 6 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх мөн нам хүчдлийн 0.4 кВ, 0.22 кВ холболтын ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэн ажиллаж байна.

- Төслийн хүрээнд хэдий хэрийн ажил хийгдэж байгаа юм бол?

11 дугаар сарын 4-ний байдлаар 2344 тулгуураас 2214-ийг босгосон. 0.4 кВ-ын ЦДАШ. 100 км сип кабель тавихаас 95 км тавьсан байна. Газардуулга нь хийгдээд явж байна. 1442 шитний газардуулга хийхээс 342-ийг хийсэн байна. 25 км агаарын шугам татахаас 12 км-ийг татсан байна.

Өнөөдрийн байдлаар 0.4 кВ, 0.22 кВ смарт тоолуурыг холбох ажилын явц Хэрлэн сумын 3-р багт 400 ш хэрэглэгч, 4-р багт 178 ш, 2-р багт 574 ш, 1-р багт 156 ш, 5-р багт 100 ш, 6-р багт 30 ш айл үлдээд байна. Үүнд нийт суурьлах ёстойгоос 6000 ш тоолуураас 4562 ш тоолуур суурьлуулж холбосон байна.

6 кВ шугамын утас таталтын ажлаар 25 км 6кВ-ын буюу өндөр хүчдлийн утас татахаас 20 км утас татаад байна. 6 кВ Төв, Булаг болон Дизель гаргалгаанд зайлшгүй таслалт авч үлдсэн шугам татах, хуучин тулгуур буулгах ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрээд байна. Цаашид үлдсэн 30 %-ийн ажлыг манай ИТА, албан хаагчид аль болох богино хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа

- Дулаан өгчихсөн цаг хугацаанд тог таслаад байх боломж хэр байдаг вэ, өвөл хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ?

Манай үндсэн засварын ажил 9-р сард бүрэн дууссан. Зөвхөн Эрчим хүчний төслийн ажилд төлөвлөгөөт таслалт явагдаж байна. 10 сарын 15-наас халаалтын улирал эхлэдэг цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч халаалтын улирлын үед таслалтын хугацааг хоёр цагаас ихгүйгээр өгөх ёстой. Зайлшгүй шаардлагаар зарим тохиолдолд 4 цаг, өдрийн дулаан, гаднаа хөлдөлт өгөхгүй нөхцөл байдлыг тооцож, зарим тохиолдолд сунгаж ажиллах тохиолдлууд гарч байна. Зайлшгүй гэмтлийн үед бид 2 цагтаа багтаагаад гэмтлийг устгана. Тэр үед ажиллах аваарын схем гаргаж баталж мөрдөж ажилладаг. Тэр дагуу дизель станцуудыг уурын зуухнуудад тавьж цэвэр усны байгууламжууд дээр асааж цахилгаан эрчим хүчээр нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг ханган ажиллаж байна.

- Цахилгааны уналт Хэрлэн суманд багагүй байгаад байдаг?

Сариг, Хэрлэн, Нэгдүгээр баг, Хийдийн суурин руу уналт нэлээд байдаг. Шийдвэрлэхийн тулд Дэлхийн банкны төслийн хүрээнд 8 дэд станцыг барьж суурилуулсан. Одоо шугамаа холбоод комисс ажилласнаар хүчдэлийн уналт буурна. Найдвартай эрчим хүчээр хангагдана.

- Шинэчлэл хийхэд хэрэглэгчидтэй холбоотой ямар зардал гарч байгаа вэ?

Төслийн зүгээс шугамаа шинэчлээд хамгийн сүүлийн үеийн ухаалаг тоолуурыг өгч байна. Харин тоолуураас хэрэглэгч хүртэлх кабель шугамыг хэрэглэгч өөрсдөө хариуцна. Өөрөөр хэлбэл хашаан доторх шугамаа. Ихэнхдээ 60 орчим метр кабель орж байна. Аль болох хэрэгчлэгчдэд кабелийн хэмжээг бага байхаар тооцож хуваариалалт хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор маш их асуудал яригдаж эхэлж байна. Хэрлэн сум, багийн дарга нартай хамтарч хэрэглэгчдэд мэдээлэл өгөх ажлыг хийсэн. Залгаатай кабелиар эрчим хүчээр хангахгүй гэсэн шаардлага тавьж байгаа. Залгасан кабель найдвартай эрчим хүчээр хангахгүй, гал гарах эрсдэл өндөр. Тухайн залгаан дээр хүчдэл унах, хүчдэлийн чанарт өөрчлөлт ордог. Залгаатай кабельтай үед одоо санал болгож буй ухаалаг тоолуур өөрөө ажиллахгүй, мэдрээд мэдээллээ дамжуулахгүй байх магадлалтай.

- Ухаалаг тоолуурыг хаанаас нийлүүлж байгаа вэ?

Тоолуурыг Дэлхийн банкны төслөөр тендер зарлаад Дархан, Сэлэнгийн патенттай түгээхээс авч хэрэгжүүлж байгаа. 2018 оноос өмнөх буюу Дэлхийн банкны ажлын зураг хийгдэхээс өмнөх байсан хэрэглэгчдийн бүх тоолуурыг үнэ төлбөргүй бүрэн шинэчилнэ. Тэгэхээр хэрэглэгчээс тоолуурын зардал гарахгүй. Шинэ суурьшлын бүс юм уу, төсөлд ороогүй шинээр буусан айлууд тоолуур худалдаж авна.

- “Эрчим хүч-2” төслөөс гадна бүтээн байгуулаллтай холбоотой багагүй таслалт хийгдлээ?

Аймгийн 100 жилтэй холбогдуулан цэнгэлдэхийн шугам, морь барианы газар дэд станц барих, шинэ суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, ЦДАШ шинээр тавих, шинээр баригдаж буй Дулааны станцтай ч холбоотой төлөвлөгөөт таслалтууд хийгдсэн. Бид таслалт хийхээсээ өмнөх өдөр зар мэдээ хэрэглэгчдэдээ хүргэдэг.

- Тухайлбал?

Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдэд утсаар мэдэгдэж, бусад хэрэглэгчдэд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулж мэдээллээ хүргэдэг.

- Гэнэтийн таслалт хэдэн удаа гарсан бол?

Нийт тоо гэвэл нэлээдгүй асуудал яригдана. Манайх Хэнтий аймгийн 13 сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, 9 баг хариуцдаг. Нийт 23 газрыг цахилгаан, эрчим хүчээр хангадаг гэсэн үг. Он гарснаас хойш 10 дугаар сарыг хүртэл 266 удаагийн гэнэтийн таслалт гарсан. Аймгийн төв, Чингис хотод харьяалагдах гэнэтийн тасралт 27 удаа гарсан. 110 кВ дэд станц буюу дамжуулах станцаас хамаарсан таслалт 8 удаа гарсан. Өөрөөр хэлбэл Бор-Өндөрөөс Чингис хот руу ирж буй агаарын шугамаас хамаарсан таслалт гэж ойлгох хэрэгтэй.

Таслалтын шалтгааныг судлаад үзэхээр 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаас хамаардаг. Энэ нь бусад шугамаас онцлог ялгаатай. Юу гэхээр гүн газардуулсан нейтралийн горимд хийгдсэн буюу газардлагын өндөр гүйдэлтэй шугам сүлжээ гэж явдаг. 2008 онд сүүлийн шугам баригдсан гэхээр 15 жил болж байгаа. Монголд туршигдаж, шинэ стандарт гэж баригдсан шугам. Хүндрэлтэй асуудал нь тухайн шугамын тусгаарлагч гэмтээд байдаг. Технологийн хувьд бага зэргийн алдаа үүссэн байж магадгүй гэж бид үздэг. Байнгын салхи, утасны чичиргээн дор байсан тусгаарлагч гажилтанд орж тусгаарлах чанар нь мууддаг. Дээр нь зуны аянга, цахилгаантай борооны үед аянга буусны улмаас тусгаарлагч руу нэвчиж маш их хэмжээний гэмтэл гардаг. Тухайлбал, 15 кВ-ын шугам нь дээр дурдсан 266 удаагийн таслалтаас 118-ийг эзэлж байна. Үүнтэй холбоотой Биндэр, Норовлин, Дадал сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч ихээр тасарсан. Засвар үйлчилгээ чанаргүй хийгдэж байна гэдэг гомдолууд ирж байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид Батширээт сумын 15 кВ-ын ЦДАШ-ын хийцийг өөрчилж, дүүжин тусгаарлагчтай буюу загварыг нь өөрчлөөд тасралтыг тоог бууруулах арга хэмжээг зохион байгуулсан. Ирэх жил Норовлин сумын 67 км ЦДАШ-ын тусгаарлагчийг бүрэн солих ажлыг төлөвлөгөөнд оруулаад ажиллаж байна. Дадал суманд ирэх жил 35 кВ-ын ЦДАШ-аар холбогдчихно гэж тооцож байгаа учраас гэнэтийн тасралт харьцангуй багасна гэж үзэж байна.

- Засварын үед хүн хүч хүрэлцэх үү? Байгууллага ямар бүтэцтэй ажиллаж байна вэ?

Манай байгууллага 116 ажилтантай. Шуурхай үйлчилгээ, Хангах үйл ажиллагаа, захиргаа, засвар, тээврийн үйлчилгээ, санхүү бүртгэлийн хэсгүүдтэй. Төвдөө 60 гаруй ажилтан нь ажилладаг. Үлдсэн нь шуурхай үйлчилгээ, засварын монтёр, байцаагч монтёр хэрэглэгчдэд хүрч байна. 13 хүний бүрэлдэхүүнтэй Бэрх хэсэг, 6 хүний бүрэлдэхүүнтэй Баян-Адарга хэсэгтэй. Баян-Адарга хэсэг маань Биндэр, Дадал, Батширээт, Норовлин сумдын засвар үйлчилгээг хариуцдаг. Бэрх хэсэг нь Батноров, Түмэнцогт, Баян-Овоо, Баян-Адаргын 35 кВ-ын шугамаа давхар хариуцаад засвар үйлчилгээгээ явуулж байгаа. Гол засвар үйлчилгээгээ хариуцаж ажилладаг 13 монтёр засварын хэсэгт бий. Ашиглалт, засварын инженер, засварын мастер гэсэн бүтэцтэй. Релен хамгаалалт, автоматик, тоолуурын инженер 2 засварын 13 монтёр Ашиглалт засварын инженер, Засварын мастер гээд хориод хүн Чингис хотын засвар үйлчилгээг хариуцдаг гэсэн үг.

- 15 кВ-ын дэд станц аймгийн хэмжээнд хэд бий вэ?

Аймгийн хэмжээнд нийтдээ 30 орчим байгаа. 35/15 кВ-ын станц нэг ширхэг байгаа. Дэлхийн банкны төслөөр 6кВ-ын шугамуудыг бүрэн шинэчилхээр ажиллаж байна. Бүх модон тулгуурт шонгууд солигдоно. Төслийн нэгжтэй байнга уялдаатай ажиллаж байна. Гэрээт хугацаа нь 2024 оны 4-р сард дуусах ажил.

- Өвлийн бэлтгэл хэр зэрэг хийсэн бэ? Өвөлд бэлэн үү? Тог тасрахгүй давж чадах уу?

Бид бүх боломжоороо ажиллана. Яг хязгаарлалтгүй ажиллана гэж амлаж чадахгүй. Эрчим хүчний систем хүнд байна. Өнгөрсөн 10 дугаар сарын 2-нд Дөрөвдүгээр цахилгаан станцад нэг зуух тасархад л чадлын дутагдалд орсон. Тэрнээс шалтгаалж Хэнтий аймгийн зүүн хойд талын сумдад тэр чигээр нь хязгаарлалт тавигдсан. Үйлчилгээ засвараа цаг тухайд хийгээд л явж байгаа.

- Генератор, цахилгаан станцууд манай зуухнуудад хангалттай бий юу?

Нэг, хоёрдугаар зэргийн хэрэглэгчид бол нөөц тэжээлийн эх үүсвэртэй байх шаардлагыг бид тавьдаг. Хэрэглэгчдийн 50 орчим хувь нь л нөөц үүсгүүртэй. Хувийн зуухнуудад байхгүй. Хэнтий-Ус ХХК-ийн зуухуудад бий. Манайд 160 кВА-ын чадалтай зөөврийн дэд станц байдаг. Шаардлагатай үед бид 2/2 цагаар ээлжлэн асааж уурын зуухнуудыг цахилгаанаар хангадаг.

- Та Хэнтий аймагт шинэ хүн биш. Хуучин ажиллаж байсан. Өөрийнхөө тухай танилцуулаач? Аймгийнхаа эрчим хүчинд ямар өөрчлөлт, шинэчлэлт хийж байна вэ? Ямар төлөвлөгөө зорилготой ажиллаж байгаа вэ?

Би өөрийгөө танилцуулъя. Намайг Сүх-Очирын Болд гэдэг. Хэнтий аймгийн Батноров суманд мэндэлсэн. Бэрх хотын 10 жилийн ЕБС-ийг 1997 онд төгссөн. Улмаар ТИС-ийг Эрчим хүчний инженер мэргэжлээр төгсөөд 4-р ДЦС-ад нарийн хэмжүүрийн засварчин мэргэжлээр 4 жил ажилласан. 2006 оноос эхлээд Хэнтий аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарт Реле хамгаалалт, автоматикийн инженерээр 4 жил ажилласан. Улмаар Багануур БЗӨБЦТС-т дэвшин Засварын инженер, 2011 оны 10 дугаар сараас Техникийн бодлогын хэлтсийн даргаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилласан. 2017 оноос Релэн хамгаалалтг хэмжилт туршилтын албаны даргаар 2021 он хүртэл ажилласан. Одоо энэ ажилдаа 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрөөс ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ТИС-д магистрын зэрэг хамгаалсан. 2014 онд Монгол улсын мэргэшсэн инженер, 2018 онд Монгол улсын Зөвлөх инженер болсон.

Ажиллах хугацаандаа шинэ оновчтой шийдэл гаргах, судалгаа шинжилгээний ажлуудыг нэлээдгүй хийсэн. Эрчим хүчний салбар компаниудын дунд зарлагддаг онол практикийн хурлуудад удаа дараа амжилттай оролцож байсан.

Цахилгаан дамжуулах агаарын шугам шувуудад хэрхэн нөлөөлөх, үүнийг хэрхэн шийдэх талаар нэлээдгүй судалж ирсэн. Тухайн сэдвээр хийсэн ажлаа баталгаажуулж, Монгол улсын ашигтай загварын гэрчилгээ авсан.

- Ашигтай загвараа амьдралд хэрэгжүүлж байв уу?

Дундговь аймгийн Адаацаг суманд 15 кВ-ын агаарын шугаманд жилд 40 орчим шувуу үхдэг байсан. Хийцээ туршаад өнөөдрийн байдлаар 1-2 шувуу өртөж байна гэсэн судалгаа гарсан. Тог тасралтын тоо нэг жилд 10 орчим гардаг байсан бол өнөөдрийн байдлаар тасарлаа гэсэн мэдээ дуулдаагүй байна. Техникийн нөхцөл шийдэгдсэн учраас тодорхой хугацаанд найдвартай ажиллана л даа. Энэ судалгааны ажлын хүрээнд Биндэр, Батширээтийн 15 кВ-ын шугамын хийцийг өөрчилж шувуунд ээлтэй байх, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах ажиллагааг 2023 оны засварын ажлаар хийж гүйцэтгэсэн.

- Багануур, зүүн өмнөд бүсийн бодлого тодорхойлж явсан инженерийн хувьд ямар ажил хийж байв?

Багануурт том компанид очоод бодлогыг барьж явна гэдэг мэдээж амаргүй. Техникийн шинэчлэл, Релэн хамгаалалт, автомат ажиллагааг найдвартай болгох, алсын удирдлагын хяналт, мэдээллийн системд шилжүүлэхэд түлхүү бодлого барьж ажилласан. Хоёрдугаарт, хуучирсан техникийг шинэчлэх үе шаттай олон жилийн графикийг бий болгож, хэтийн төлөвлөлтийг мөрдүүлж ажилласан. Тэр ажлын хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан суманд 35/10 кВ-ын дэд станц, Говь-Угтаал суманд 35/04кВ-ын станцыг 35/10 дэд станц болгож өөрчлөх, Жаргалтхаан сумыг 35/10 кВ-ын дэд станцтай болгох, Бэрх хотод 110/35/10 кВ-ын дэд станцууд барих ажлууд төлөвлөөд явж байсан. Эдгээр ажлууд график төлөвлөгөөний дагуу шийдэгдээд явж байгаа. Зарим санхүүжилтээс шалтгаалж хүлээгдэж байна. Жаргалтхаан - Өмнөдэлгэрийг 35 кВ-ын шугамаар холбож Баганууртай цагираг /кольца/ схемтэй болгоно гэж тооцож байсан. Энэ ажил хийгдээгүй.

Өмнөдэлгэрээс Батширээт рүү 35 кВ-ын ЦДАШ холбож, улмаар Батширээт Биндэрийг 15 кВ-ын шугамаар Баян-Адарга сумтай кольца схемд оруулна гэж тооцсон байсан. Энэ орхигдсон. Ерөнхийдөө төлөвлөөд байсан ихэнх ажлууд хийгдсэн. 35 кВ шугамуудыг төмөр бетон тулгууртай болгох ажил Хэнтий аймгийн хувьд бүрэн хийгдсэн. Дундговь, Говьсүмбэрийн ажлууд энэ жил дуусаж байна. Дорноговийн ажил ирэх жил дуусна.

- Нэлээдгүй ажил хийжээ. Хэнтийд тулгамдаж буй асуудал юу байна вэ? Шийдвэрлэх бололцоотой ямар ажил байна вэ?

Тулгамдаж буй асуудал нэлээдгүй бий. Тухайлбал, Хэнтий аймагт бэлтгэл тэжээлийн үүсгүүргүй, гадны эх үүсвэрээс үл хамаарсан үүсгүүртэй байх зайлшгүй шаардлагатай байна. Уг нь болдог бол Дулааны станцтай хавсаргаад эндээ нэг 5-10 мегаватт цахилгаан үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцтай байсан бол манай аймаг өөрийгөө хангах боломжтой. Нөгөө хувилбар нь Нарны /батерей/ зайн хуримтлууртай нарны станц шаардлагатай байна. Байг гэхэд 15 кВ-ын нарны станцтай, 8 мегаваррын чадалтай батерей хуримтлууртай шийдчихвэл болзошгүй тодорхой хэмжээний эрсдэлийг үүрнэ.

Цаашид хэрэгжих гээд явж буй томоохон төсөл бол Багануур Хэнтийг 220 кВ-ын агаарын шугамаар холбох, улмаар Дорнодыг холбох асуудал бий. Хэрэв энэ ажил хэрэгжвэл манай аймаг хоёр талын тэжээлийн эх үүсвэртэй болно. Дорнод дулааны цахилгаан станцаа 50 мегаваттын хүчин чадлаар өргөтгөөд удахгүй ашиглалтад орно. Ирэх жилээс орчих байх. Хэрвээ тэгвэл манай аймгийн хувьд нэлээдгүй давуу байдлууд үүснэ.

- Гэмтэл гараад, гэнэтийн тасралтаас шалтгаалаад эд хөрөнгө гэмтээхэд хэн хариуцах вэ? Гомдол хэр ирдэг вэ?

Байгалийн гамшгаас шалтгаалсан гэмтэлд манайх хариуцлага хүлээхгүй. Манай буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан хохирлыг хариуцлагаа хүлээгээд тухайн тоног төхөөрөмжүүдийг засварлаж өгдөг. Бид үзлэг дутуу хийсэнээс нэг дамжуулагч тасардаг ч юм уу, масс үүссэнээс болж хүчдэл хэлбэлзэж, тухайн хэрэглэгчид хохирол учруулсан бол бид холбогдох тоног төхөөрөмжийг засварлуулах, гэмтлийг арилгах ажлыг зохион байгуулж өгдөг.

- Хэрэглэгчид, Хэнтийчүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?

Нийт хэнтийчүүддээ хандаж хэлэхэд манай эрчим хүчний салбарынхан цаг наргүй, өдөр шөнөгүй тасралт саатал гарсан үед шуурхай ажиллаж байгаа. Иймд та бүхэн хүлээцтэй хандаж, ойлгож, бидний ажлыг дэмжиж ажиллаарай гэж хүсье. Маш их асуудал дагуулдаг дуудлагын утастай. Ганц дуудлагын утас руу 10 гаруй хэрэглэгч хүчдэл тасарсан үед зэрэг залгадаг. 2-3 утас залгахад ярьж буй дохио өгөөд байдаг үүнийг ойлгож хүлээцтэй хандаарай гэж хэлэхийг хүсэж байна. Хамтран ажилладаг та бүгдэд баярлалаа.

 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.