Ц.ИДЭРБАТ: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛСАН, ОДОО ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД АНХААРЧ БАЙНА
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан намаржиж байна уу?
Сайхан намаржиж байна аа. Хан Хэнтийчүүддээ болон, Хэнтий нутгийнхаа хүүхдийн гэрэлт ирээдүй, сайн сайхны төлөө ажилласан хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтнууд, боловсролын салбарынхан, нийт эцэг эхчүүд, хүүхдүүддээ Монгол улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
- Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжээд эхэлсэн. Та хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, УИХ-аар батлуулсан. Хуулийн хэрэгжилтийн үр дүн хэрхэн гарч байна вэ?
Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2024 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Судалгаа сайтай, орон нутагт тулгамддаг асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлэж чадсан. Аливаа хуулийг батлах нь нэг хэрэг, амьдрал дээр хэрэгжүүлэх, хөрсөн дээр буулгах нь хамгийн чухал. Тиймээс энэ ондоо хуулийн хэрэгжилтийг сайжруулж, анхан шатны нэгж бүрдээ анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа. Энэ талаар хууль санаачлагчид идэвхтэй ажиллаж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлага, төрийн байгууллагууд, хамтарсан баг, эцэг эхийн үүрэг оролцоо чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэе.
- Хэлэлцүүлэг нэлээдгүй өргөн хүрээтэй болсон. Та Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт хэлэлцүүлж байсныг санаж байна. Хуулийн гол онцлогийн талаар та дурдаач?
Хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлсэн. Хууль Монгол улсад болон Монгол улсын хилийн гадна байгаа монгол улсын харьяат хүүхдэд энэ хуулийг үйлчлэхээр зохицуулсан. Эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, хүүхдийн дэргэд согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, нийгэмд шинээр үүсээд буй цахим орчим дахь гадуурхал, дарамтын талаар нэлээдгүй зохицуулалт тусгаж, хамтарсан багийг аймаг дүүрэг, сум багт хүртэл төсөвтэй болгох эрх зүйн асуудлыг шийдвэрлэж чадсан.
Өөрөөр хэлбэл хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардагдах зардал, хүний нөөц, төрийн бус байгууллагууд хүүхэд хамгааллын үйлчилгээг төрийн байгууллагатай гэрээлэн гүйцэтгэхэд тулгамддаг зарим асуудлыг тодорхой болгож хуульчлах, сургуулийн нийгмийн ажилтны орон тоог нэмэх, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүтэц, чиг үүргийг оновчтой болгох, хууль зөрчсөн төрийн бүх шатны албан хаагчид тооцох хариуцлага зэргийг илүү тодорхой болгож өгсөн.
- Сүүлийн үед та Хүүхдийн хөгжлийн асуудлаар ярих боллоо. Энэ талаар?
Ирээдүйн Монгол улсыг авч явах эцэг, эхээ, иргэнээ бэлтгэхийн тулд бид хүүхдэд анхаарах, хүүхдээ хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Иймээс энэ асуудлыг төрийн бодлого болгон тодорхойлж, нийтээр хэрэгжүүлэхийн тулд Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлуулсан, одоо Хүүхэд хөгжлийн тухай хуульд анхаарч байна. Тодруулбал, Хүүхэд хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийг тойргийн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн хамт санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн. Дорнод аймгийн сайн туршлага, онол, практикийн судалгаанд үндэслэн, хүн амын 40 орчим хувийг эзэлж буй 18 хүртэлх насны хүүхдүүдийнхээ хөгжлийг дэмжих асуудлыг улс орон даяараа анхаарах нь зүйтэй юм.
Ярилцсанд баярлалаа.





Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!