
МОНГОЛЧУУД БИЛИГТ САЙН ӨДӨР ИХ ХААНДАА МӨРГӨДӨГ БАЙХ УЧИРТАЙ
Чингис Хаан Үндэсний музейн есөн давхарт Их Эзэн Чингис хааны хүндэтгэл оршоосон "Их хааны өргөө"-ний нээлт өнөөдөр боллоо. Монгол хаад, язгууртны орд өргөөг дүрсэлсэн тус өргөөнд Чингис хааны алтан хөшөө, шүтээн Их цагаан туг, Хасбуу тамгыг урлан дээдлэн залсан бөгөөд төрийн өндөрлөгүүд өнөөдрийн билигт сайн өдөр хүндэтгэл үзүүллээ.
Уг өргөөний шүтээн эрдэнэ болох Чингис хааны алтан хөшөө 14 тонн жинтэй, 7 метр өндөр. Хөшөөг эх орны хөрс шорооноос олдсон алтаар бүхэлд нь бүрсэн бөгөөд хөшөөг бүрэхэд 7 кг алт зарцуулжээ. Харин их хааны хасбуу тамгыг 999 сорьцтой 100 кг цул алтаар бүтээжээ. Хөшөөний загварыг Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд гаргасан байна. Чингис хааны идэр залуу үе буюу Хамаг Монгол Улсыг эрхшээн захирч байсан үеийн дүр төрхийг хөшөөнд мөнхөлсөн бөгөөд уг хөшөөг Итали улсын Флоренц хотод бүтээжээ.
Уг орд өргөөний нээлтийн үеэр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: "-Монголчууд бид Өнөөгийн дэлхий ертөнцийн үндэс суурийг тавьсан, Монгол үндэстэн оршин тогтнохын баталгаа, оюун санааны эх ундарга болсон, ертөнц дахинд бахдан гайхуулж, өнө мөнхөд бахархан дээдлэх тэнгэр заяат хаантай ард түмэн. Тиймээс билигт сайн өдөр их хаандаа хүндэтгэн мөргөдөг байх учиртай. Хүннү гүрнээс XX зууны эхэн үе хүртэлх Монгол түмний төрт ёс түүх соёлын бүрэн түүхийг багтаасан их өргөөний магнайд эзэн Чингис хааны орд өргөөг бэлгэдсэн өргөөг байгуулан өнө мөнхөд бахархан дээдлэх Алтан хөшөө, шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгыг заллаа" хэмээн хэлж мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлэв.
Зургийн эх сурвалж: gogo.mn