Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХЭНТИЙ АЙМГИЙН МУЗЕЙ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

ХЭНТИЙ АЙМГИЙН МУЗЕЙ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Хан Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үеэр Хэнтий аймгийн шинэ музей үүдээ нээж, иргэдэд үйлчилж эхэллээ.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн шинэ музейг нээж үг хэлэхдээ түүхэн аялал жуулчлалын хөгжилд түлхэц болохуйц шинэ бүтээн байгуулалт болсныг онцолж, музейн үйл ажиллагаатай танилцан музей үзлээ.

Музейн нээлтэд баяр наадмын зочид болох Зам тээврийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УИХ-ын гишүүн Э.Батшугар, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нарын хүндэт зочид төлөөлөгчид музейтэй танилцлаа.

Шинэ музейн барилга нь орчин үе, уламжлалт хэв маягийг хослуулсан шийдэлтэй зураг төслөөр барьсан, 1890м2 талбайтай, 3 давхар барилга юм. Нэгдүгээр давхарт музейн стандарт бүхий сан хөмрөгийн 9 өрөө, акталсан үзмэр хадгалах өрөө, кино үзвэрийн болон хурлын танхим, угтах хэсэг, бэлэг дурсгалын дэлгүүр, үзэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, чанарын өндөр түвшинд тоноглогдсон камержуулалт, харуул хамгаалалтын хэсэг, ажилтан албан хаагчдын хүүхдийн өрөө байрлаж байна.

Харин 2,3 дугаар давхарт үзүүллэгийн долоон танхим, үзэгчдийн амрах хэсэг, кофе шоп, албан өрөө тасалгаанууд байрлаж байгаа юм.

Хэнтий аймгийн музей анх 1949 онд байгуулагдсан. Аймгийн музейд түүх, угсаатан, шашин, археологийн ач холбогдол бүхий 2000 гаруй үзмэр эд өлгийн зүйл хадгалагддаг.

Үүнээс дурдвал, Монгол Улсын хосгүй үнэт үзмэр халхын Сэцэнханы тамга хайрцгийн хамт, мөн халхын Сэцэнхан аймгийн угсаа залгамжилсан Сэцэн хануудын үе дамжин эдэлж хэрэглэж ирсэн эдлэл хэрэглэлүүд, халх даяар алдартай хурдан хүлгүүдийг бий болгосон Хардэл Жанжин бэйс, Хүлэг шинжээч, Өвгөн ноён М.Пүрэвжавын эд зүйлс, түүний хялгасан бийрээр зурж үлдээсэн хурдан хүлгүүдийн зураг, ХХ зууны алдарт уран дархан Тожил хийцийн эд зүйлс, тус аймагт оршин суудаг Халх, Буриад, Хамниган угсаатны ахуй соёлыг харуулсан угсаатны зүйн үзмэрүүд, ховор ном судар, бурхад зэрэг түүх, соёлын дахин давтагдашгүй дурсгалууд музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

ХАН ХЭНТИЙ 100 ЖИЛ: ШАТРЫН АВАРГУУД ТОДОРЛОО
ХАН ХЭНТИЙ 100 ЖИЛ: ШАТРЫН АВАРГУУД ТОДОРЛОО
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.