Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХҮН НЬ ЯВЖ, АСУУДАЛ НЬ ҮЛДДЭГ БАЙДАЛ АРД ХОЦОРНО

ХҮН НЬ ЯВЖ, АСУУДАЛ НЬ ҮЛДДЭГ БАЙДАЛ АРД ХОЦОРНО

Намрын чуулган нээлтээ хийж, нийгмийг цочроосон аймшигт хэрэг гарч, нийслэлийн удирдлага огцорч өнгөрсөн долоо хоног өрнөл дүүрэн байлаа. Ногоон автобусны дуулиан, нийгмийг цочроосон гэмт хэрэг гээд сайнаасаа илүү саар нь их байв. Гэхдээ Засгийн газар энэ бүхний хариу арга хэмжээг хурдан хугацаанд авч эхэллээ. Ажил хариуцаж байсан хүмүүс нь ч албан тушаалтайгаа зуралдсангүй ажлаа өглөө. Тэдний оронд ажиллах хүмүүсийг ч түргэн шуурхай томилов. Иргэдэд таалагдаагүй ногоон автобуснуудыг бүрмөсөн нутаг буцааж, хурдан хугацаанд өөр автобус худалдаж авахаар болсон. Энэ мэтээр гаргасан алдаа дутагдлыг засаж болох ч амиа алдсан бяцхан охиныг дахин амьдруулж чадахгүй нь харамсалтай. Харин дахин ийм зүйл гаргахгүй төлөө Засгийн газар хурдтай ажиллаж эхэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон даруйдаа бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангаруулах шуурхай үүрэг, даалгавар өгчээ. Үүний дагуу холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулснаа Б.Энхбаяр сайд танилцууллаа.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ "Эрүүгийн хуулийн өөрчлөлт, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотойгоор Шүүх байгуулах тухай зэрэг хууль тогтоомжийн төслийг боловсруулсан.

Эрүүгийн хуульд 1984 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан нэг ойлголт бол бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон явдал. Иймд бага насны хүүхэд гэдэг ойлголт буюу 14 насыг 16 болгож нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд орууллаа. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарна. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг, 12-оос дээш жил, эсвэл бүх насаар нь хорих ял оноодог болох гэх мэтээр чангарна гэсэн үг. Бага насны хүүхэд алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20 жилийг нэмэгдүүлж 30 жил болгох болгож, өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчил биш гэмт хэрэгт тооцдог болно. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэнд тооцогдоно” гэлээ. Энэхүү хуулийн өөрчлөлтөө энэ долоо хоногт УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх нь. Ийнхүү Засгийн газраас хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ хурдтай өрнөж байна. Үүний дараагийнх нь нийслэл рүү чиглэсэн өөрчлөлтүүд байх бололтой.

Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ “Нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын 30 гаруй жил ужгирсан системийн авлигыг цогц хэмжээнд цэгцлэх цаг болжээ. Хууль хяналтын байгууллагууд ч том шатны авлигын хэргүүдийг шүүхийн шатанд шилжүүлж, дунд шатны авлига руу ханцуй шамлан орох итгэл үнэмшил, цаг хугацаатай болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм ч учраас Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн” гэсэн юм.

Асуудал гарах бүрд хамгийн ихдээ нэг сайд, дарга огцроод л өнгөрдөг. Хүн нь явсан ч асуудал нь үлддэг, алдаа нь давтагддаг байлаа. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүнийг нь явуулж, асуудлыг нь ч хурдан шуурхай шийддэг, алдаа дахин давтагдахаас урьдчилан сэргийлдэг жишиг тогтоож байна.

Эх сурвалж: Eagle.nm

ТӨСӨВ 2024: ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭРХЭН НЭМЭХЭЭР ТУСГАВ
ТӨСӨВ 2024: ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭРХЭН НЭМЭХЭЭР ТУСГАВ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.