Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТӨСӨВ 2024: ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭРХЭН НЭМЭХЭЭР ТУСГАВ

ТӨСӨВ 2024: ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭРХЭН НЭМЭХЭЭР ТУСГАВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан (2023.09.29) Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

2024 оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байна хэмээн Сангийн сайд энэ үеэр мэдэгдэв. Учир нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Улмаар 2023 оны эцэст бодит орлого нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларыг давж, эдийн засаг 6.0 хувиар өсөх төлөвтэй байгаа нь гадаад эрсдэлийн нөлөө намжиж, эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэх нөхцлийг бий болгож байна гэдгийг тодотгов.

Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.

Түүнчлэн орон нутагт нийтийн орон сууцны зориулалттай барилга барьж, борлуулсны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг, орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг мөн тус тус хөнгөлөхөөр төлөвлөжээ.

Хөрөнгө оруулалтын зардал 9.1 их наяд төгрөг

Засгийн газраас 2024 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардалд 9.1 их наяд төгрөг тусгажээ. Үүнээс 4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал нь шинэ төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах бол 5.1 их наяд төгрөг нь өмнөх онуудаас шилжсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгахад хуваарилсан байна.

Төсвийн хөрөнгө оруулалтыг чиглэлээр авч үзвэл барилга байгууламжид 8.09 их наяд төгрөг, тоног төхөөрөмжийн худалдан авалтад 826.8 тэрбум төгрөг, их засварын ажилд 126.9 тэрбум төгрөг, ТЭЗҮ болон зөвлөх үйлчилгээний зардалд 76.1 тэрбум төгрөг суулгахаар төлөвлөсөн байна.

Хэнтий аймагт 1.14 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөв

Хөрөнгө оруулалтыг аймаг, нийслэлээр авч үзвэл Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 2.18 их наяд төгрөг төсөвлөсөн байна.

Харин аймгуудад нийт 5.73 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан аж. Үүнээс, Хэнтий аймагт 1.14 их наяд төгрөг буюу нийт 21 аймагт төсөвлөсөн хөрөнгө оруулалтын тавны нэгийг төсөвлөжээ.

Нөгөө талд, уул уурхайн салбарын гол орлогыг төвлөрүүлдэг, аймгийнхаа төсвийг дангаараа бүрдүүлдэг Өмнөговь аймагт хамгийн бага буюу 39.5 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт хийхээр хуваарилжээ.

Хуулийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын хувьд дийлэнх төслүүд нь дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүч, инженер хангамжийн дэд бүтцийн салбарт хэрэгжихээр байгаа бөгөөд нийгмийн салбарын хувьд ихэнх нь боловсролын салбарт хэрэгжих төслүүд байх юм.

Үүнчлэн төсөлд цалин, тэтгэврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс дараах байдлаар нэмэхээр санхүүжилтийг тусгасан байна.

Цалинг хоёр байдлаар нэмнэ.

  • Инфляцтай уялдуулан нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ. Хэрэв төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагч бол 20 хувиар нэмнэ. Энэхүү нэмэгдэлд 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдах бөгөөд 532.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.

  • Орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг одоо зөвхөн төрийн захиргааны албан хаагчид авч байна. Иймд 2024 оноос төрийн захиргааны болон нийтлэг үйлчилгээний бүх албан хаагчид энэхүү нэмэгдлийг авна. Гэхдээ суманд ажиллаж байгаа бол 40 хувь, аймгийн төвд бол 20 хувиар цалингийн нэмэгдэл авна. Үүнд 306.8 тэрбум төгрөг төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч нь хаана ажиллаж байгаагаас шалтгаалан хамгийн багадаа 10 хувиар, хамгийн ихдээ 60 хувиар нэмэгдэхээр харагдаж буй юм.

Тэтгэвэр хэрхэн нэмэгдэх вэ

  • Тэтгэвэр, тэтгэмжийг цалинтай адил инфляцтай уялдуулан 10 хувиар нэмнэ. Үүнд 516.8 мянган ахмад хамрагдах бөгөөд 308.6 тэрбум төгрөг зарцуулах аж. Харин тэтгэмжид 40 тэрбум төгрөг төсөвлөжээ.

  • Тэтгэврийг долоон жилээр тооцдог байсныг таван жил болгосон. Үүнд 55500 ахмад хамрагдаж, 20.6 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь шинээр тэтгэврээ тогтоолгож буй ахмадуудад хамаарах юм.

  • Нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлдэг болсон. Үүнд, 20.3 тэрбум төгрөг зарцуулна.

  • Тэтгэврийн нэрийн дансны хоёр хувийг мөнгөжүүлэхэд 370.4 тэрбум төгрөг зарцуулна.

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 247 МЯНГАН ХҮН ҮЗЖЭЭ
ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 247 МЯНГАН ХҮН ҮЗЖЭЭ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.