Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ТАЛААСАА ЧАМБАЙ БОЛСОН, ОДОО  САНХҮҮГЭЭ ТАВЬЖ ӨГӨХГҮЙ БОЛ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ АМЬДРАЛ ДЭЭР ЯВАХГҮЙ

ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ТАЛААСАА ЧАМБАЙ БОЛСОН, ОДОО САНХҮҮГЭЭ ТАВЬЖ ӨГӨХГҮЙ БОЛ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ АМЬДРАЛ ДЭЭР ЯВАХГҮЙ

-Ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлье гэж бодлоо. Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороогоор хэлэлцэж байна. Ер нь Монгол Улс хүүхэд хамгаалал чиглэлийн эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий юу?

-Хүүхэд хамгааллын хууль шинэ биш. Гэхдээ өнгөрсөн хугацаанд гарсан кейсийг харахад хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага байна. Нэмэлт өөрчлөлт биш шинэчилсэн найруулгын төсөл орж ирж байнгын хороонд танилцуулагдлаа. Эндээс олон зүйлийг харж болохоор байна. Хуулийн шинэчилсэн найруулга боловсруулахдаа гадаад, дотоод хүчин зүйлсийн талаар судалгаа хийж, хүүхдүүдийн дунд ч мөн судалгаа хийсэн юм байна. Нэлээдгүй консепцын өөрчлөлт орж ирсэн байна. Нэгдүгээрт, эцэг эхийн хараа хяналт, үүргийг тусгаж өгөх ёстой. Хүүхэд эх эцгээс төрсөн, эрэгнээс төрөөгүй шүү дээ. Нөгөө талдаа, Монгол Улсын иргэн хуулиараа хамгаалагдах ёстой. Энэ болгоныг зөв гаргахгүй бол олон асуудал /кейс/ гарахад эцэг, эхчүүд хариуцлага хүлээсэн нь цөөхөн байна. Жишээ нь Зөрчлийн хуулиар улсын хэмжээнд найм жишээ байгаа бол эцэг эх байх эрхээ хасуулсан хоёр кейс байна. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээсэн тохиолдол байхгүй байгаа. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр эцэг эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой. НҮБ-ын Хүүхдийн сангаас одоо мөрдөгдөж байгаа хуульд олон хийдэл байгааг 2021 онд тодорхой гаргаж өгсөн. Тиймээс бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн чамбай хууль гаргаж ирсэн гэж харж байгаа.

-Олон нийтийн зүгээс нийгмийг цочросоон гэмт хэрэг гарахад гишүүдээс эрх зүйн орчныг сайжруулахыг шахаж, шаарддаг. Тиймээс нэг кейс гарсны дараа шуугих биш эрх зүйн орчин, төсөв мөнгө, камержуулах системийг урьдчилаад шийдэх ёстой байсан юм биш үү. Ялангуяа энэ чиглэлд эрэгтэй гишүүдийн манлайлал дутмаг санагддаг?

-Хүүхдийн асуудалд эр, эм хөгшин залуу гэж ялгах хэрэггүй. Монгол Улсын төрийн асуудал. Эмэгтэй гишүүдийг үгээ хэлээч гэж хүмүүс дуугарч байсан. Гэхдээ энэ хэд ч бас УИХ-д дуугай суугаагүй. Төсөв хөрөнгө нь ийм байна гэж хэлээд хуулийн төсөлд тусгуулаад явж байгаа. Ер нь бидэнд хууль дүрэм байхгүй биш байгаа. Би өөрөө сумын, аймгийн Засаг даргаар ажиллаж, хамтарсан багийг ахалж байсан хүний хувьд анхан шатан дээрээ хууль дүрмийг хэрэгжүүлэхэд олон хүндрэл байгааг хэлдэг. Бидэнд хүчирхийллийг бууруулахад хоёр том суваг байна. Нэгдүгээрт, Монгол Улсын засаг захиргааны нэгжийн хуваарилалт буюу сум, аймаг, баг, хороогоор хянах бололцоо бий. Тэрэн дээр ажиллах хүнийг яг чиг үүргийг нь тодорхой болгож, санхүүжилтийг нь тавиад ажиллуулахад нэг том ахиц гарна. Одоо байгаа баг дээрх нийгмийн ажилтан хүүхэд гэхээсээ илүүтэй хөгжлийн бэрхшээлтэй, халамж шаардлагатай иргэдэд дарагдчихаад байдаг их зовлонтой. Тэгээд асуудал /кейс/ гарахаар л гарж ирдэг. Угтаа, урьтаж хүрэх ёстой.

-Анхан шатанд ямар байдлаар хүүхэд хамгааллыг эрчимжүүлэх ёстой юм бэ?

-Нөгөө талдаа сургуулийн орчныг хянах ёстой. Монгол Улсын боловсролын системыг би хувьдаа сайн гэж боддог. Хүүхдийн сургуулийн хамрагдалт 90 гаруй хувьтай байна. Ийм байхад тухайн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдийг сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багшаар нь дамжуулж хүчирхийллийн орчинд байгаа эсэхийг хянах боломжтой. Сургуулийн орчинд ажиллаж буй нийгмийн ажилтан, багш нартай хамтарч ажиллаад хариуцсан нийгмийн ажилтан тавьж өгвөл сургуулийн орчноос гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна уу, үгүй юуг хянах боломжтой. Энэ хоёр механизм зэрэг ажиллавал хүчирхийлэл гарахгүй байх бүрэн бололцоотой. Гуравдугаарт, тэгж ажиллана гэж заачихсан хэр нь санхүүжилт байдаггүй. Хамтарсан багт зориулсан төсвийг орон нутгаас гаргах боломж бий. Би сумын даргаар ажиллаж байхдаа нэг багт 500 мянган төгрөг тавьж төсвийн хуулийн дагуу ашиглаарай гэдэг байлаа. Энэ нь тухайн багт ажиллаж байгаа хүмүүсийн ажлаа саадгүй явуулахад дэм болдог юм билээ. Адаглаад 10 литр бензин хийлгээд асуудалтай газраа тойроод явчихдаг. Нэг хүүхэд хэцүү байдалд орлоо гэхэд зөөх машин унаанаас авхуулаад их юм гарна. Тэгэхээр, хуулийн үзэл баримтлал талаасаа чамбай болсон байна. Одоо хөдөлгөх механизм буюу санхүүгээ тавьж өгөхгүй бол эдийн засгийн суурьгүй шийдвэр, хуулийн хэрэгжилт амьдрал дээр явахгүй.

Санхүүжилтийн эх үүсвэр хаана байгааг хуульдаа тодорхой заагаад өгчихвөл боломжтой гэж харж байна.

Эх сурвалж: News.mn

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БОЛ ШҮҮН ТАСЛАХ БАЙГУУЛЛАГА БИШ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БОЛ ШҮҮН ТАСЛАХ БАЙГУУЛЛАГА БИШ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.